БОДИСАДЫН ЯВДАЛД
ОРОХУЙ
Энэтхэгийн хэлнээ: Бодичарияавадара
Түвдийн хэлнээ: Жанчүвсэмбижодва ла жүгва
Монголын хэлнээ: Бодисадын явдалд орохуй
1 БҮЛЭГ. Боди сэтгэлийн тус эрдэм
Хамаг бурхан хийгээд бодисадва танаа мөргөмү.
1.Аяа, номын лагшинг эрхшээгч
Амгалан ажрагсад ба хөвгүүн сэлт
Алин мөргөвөөс зохистой бүхнээ бишрэн сөгдөөд
Амгалан ажрагсдын хөвгүүний явдалд суралцах
товчоог
Авралт эш зарлиг ёсоор товчлон хурааж өгүүлсүгэй
2. Эрт урьд эс гарсныг энд өгүүлэх бус
Эвлүүлж найруулах эв дүй ч надад үгүй
Энгүй бусдын тусыг санах нь ч надад үгүй ч
Эрхгүй сэтгэлдээ л ижилсүүлэхийн тулд үүнийг
туурвису би
3. Огоот буянд дадахын тул миний сүжгийн хүчин
Ойшоон эдгээрээр түр ч атугай арвидсан болвоос
Омтгой над адил хувь сацуу бусад бүгдээр
Онцгойлон хэрэв зээ үзвээс л тустай болъюу
4. Эл чөлөө учирал(2) үүнийг олохуйяа машид бэрхтэй
Энгүй амьтны тусыг бүтээх чадлыг эрхшээсэн тул
Эдүгээ хэрвээ энд л эс бүтээвээс
Эцэс хойшдоо үүн лүгээ учирна гэж хаана байх
5. Түнэр харанхуй шөнө үүлэн завсраас
Түргэн зуур мэт цахилгаан гялбахуй адил
Тэрчлэн Бурханы хүчээр л хааяа нэгтээ
Тив ертөнцөд буяны сэтгэл заримдаг төрьюү
6. Тэр мэт буяны чадал үргэлжид өчүүхэн
Тэнцэшгүй хилэнц хүч ихтэй, бас барагдашгүй
Тэр мэтийг төгөлдөр боди сэтгэлээс ангид
Төгс буян бусад сүрээрээ дарж яахин чадах
7.Оройн дээд сартвахи нугууд үүнийг л тустай хэмээн
Олон галавт онцгой таалан зохиожээ.
Осолгүй олон амьтны чуулган бүгд үүгээр л
Омтоггүй амгалангийн оройд хүрдэг учраас буй за
8.Оёоргүй орчлонгийн түмэн зовлонгоос гэтлэх болоод
Олон амьтныг аюулаас аврахыг хүсэх ба
Түмэн амгалан буман жаргалыг эдлэхийг горливоос л
Тэнсэлгүй боди сэтгэл ямагтыг хэзээд бүү орхисугай
9. Асралт боди сэтгэл мэндэлсэн тэр л агшнаа
Амаргүй сансрын гянданд хоригдон энэлэгсэд
Амгалан ажрагсдын хөвгүүн(3) хэмээн өгүүлэгдээд
Аяа ертөнцийн тэнгэр хүмүүний мөргөлийн орон болъюу
10. Алтанд урвуулагч эмийн эрхэм зүйл адил
Ариун бусын энэ биеийг Бурханы лагшнаа
Алдалж баршгүй их эрдэнэ болгон хувиргагч тул
Ашид боди сэтгэлийг бататган дээш барьсугай
11. Олон амьтны ганц сартваахи осолгүй ухаанаар
Ончирч сайтар тодлоод онцгойлж цэгнэсэн тул
Оёоргүй амьтны зовлонгоос салахыг хүсэгчид
Омтоггүй бодь сэтгэлийг машид баттай барьсугай
12. Алин бусад буян бүхэн зэгс адил
Ач үрээ гаргаад доройтдог л
Адилшгүй боди сэтгэлийн найлзуур модон
Ашид үрээн өгөөд үл барагдан арвижму
13. Эрэлхэг баатарт дулдуйдваас их аюул адил
Эгнэж барагдашгүй их хилэнцийг үйлдсэн ч
Эрслэж шүтвээс л хоромхон зуур гэтлэж болох
Энгүй түүнээ сэхээтнүүд юунд үл шүтнэв
14. Тэрбээр их хилэнцийг цагийн эцсийн гал мэт
Төдөлгүй нэгэн агшнаа хуйхлан чадах
Түүний тус эрдэм цаглашгүй болохыг
Тэгш асралт Майдар, ухаант Манибадраад номлов
15. Боди сэтгэл(4) түүнийг товчлон хурааваас
Бодитой хоёр зүйлд оноон таних ба
Бодийг хүсэхүйн сэтгэл хийгээд
Боди дор орохуйн сэтгэл ямагт болой
16. Одохуйг хүсэх хийгээд одохуй хоёрын
Онцлог ялгааг мэдэн үйлдэх адил
Онц мэргэд тэр хоёрыг
Ончийг зэрэгчлэн таниарай
17. Бодийг хүсэхүйн сэтгэлээс л
Бодитой сансарт буян их төрөвч
Басхүү боди дор орохуйн сэтгэл адил
Буян үргэлжид тогтох бусаа
18. Алин тэргүүлшгүй амьтны язгуур
Алгасалгүй бүгдийг гэтэлгэхийн тухайд
Алдралгүй үл няцах сэтгэлээр хэн нэгэн
Алжаалгүй үүнийг үнэхээр авбаас
19. Тэр цагаас эхлэн нойрсон буйд ч
Тэгээд бас сэрэмж алдсан ч буяны чадал нь
Тасралтгүй үргэлжлэн улам нэмэгдсээр
Тоолшгүй огторгуй сацуу машид дэлгэрмой
20. Эл сэтгэл лүгээ зохилдох сэлтийг
Эрхэм Субуражийн айлтгасан судраа
Энэлэн яднасан амьтны тусад
Эрхэт сайтар ажрагсад номлосон болой
21. Амьтан хүний толгойн өвчин төдийг
Амирласугай хэмээн санах төдийд ч
Ач тус хүргэсэн сэтгэл төгс болоод
Адилтгашгүй буян төгөлдөр болох бөгөөс л
22. Хамаг амьтан нижгээд нижгээдийн зовлон
Хэмжээгүй бүгдийг арилгахыг хүсэх хийгээд
Хамаг амьтан нижгээд тэр бүхнээ
Ханьцашгүй эрдмийг бүтээх сэтгэлийг хэлээд яахав
23. Ачит аав ээж хэн боловч
Асралт энэ адилын сэтгэл хэнд буй
Асурь тэнгэр, арш тэдгээрт ч
Алин Эсэрва түүнд ч энэ адил буй билүү
24. Амьтан тэдгээрт урьд өмнө нь
Алин өөрийн тусд ч энэ адилын сэтгэл
Амгалан зүүдэндээ ч эс зүүдэлсэн тул
Ашид бусдын тусад хаанаас төрөх
25. Их эрдэнийн ялгамжаат энэ сэтгэл л
Эрт урьд төрөөгүй сонин гайхамшигт нэгэн
мэндэлвэй
Элдэв бусад нугуудад өөрийнхөө тусад ч
Эс гарсан тул амьтны тусад ч яахан санах
26. Алин хамаг амьтны баясгалангийн уг
Ад биш тэдний зовлон анагаагч эм
Ачит их эрдэнийн сэтгэлийн буянг
Алдалж хэрхэн хэмжиж барах
27. Тусалъюу хэмээн сэттэсэн төдийд л
Тугуулагсдыг тахиснаас ч үлэмж гарах тул
Тоолшгүй хамаг амьтан бүгдийн
Тус амгаланг хичээхийг хэлээд яахав
28. Зовлонгоос гэтлэхийн хүсэл байвч
Зовлон түүндээ л эргээд ороолдъюу
Амгаланг хүсэвч мунхгийн эрхээр
Атаат дайсан мэт амгалан юугаа бусниулъюу
29. Амгалан жаргалаар үгүйрсэн хийгээд
Алимад зовлонгоор дүүрсэн тэднийг
Ашид амгалангаар үргэлжид цэнгүүлээд
Алин зовлон бүгдийг таслаж үйлдээд
30. Балай мунхгийг үлдэн хөөгч
Боди сэтгэл лүгээ ханьцах буян хаана буй
Буяны садан тэр адил ч хаана буй
Буянт бинавад ч тэр мэт хаана буй
31. Додомдож дэгжээсний ачийг хариулан
Дотночилж түр ч атугай сайшаах зохистой тул
Тухайлалгүй сайтар үйлдсэн
Туст бодисадвааг хэлэх юун
32. Атга төдий амны идээг найруулаад
Агшин төдийд амьтнаа өглөг үйлдээд
Агсамнан өдрийн хугасад бардамнавч
Агуу буян үйлдлээ хэмээн ардууд түүнийг магтнам
33. Даягаалшгүй олон амьтныг цаг үргэлжид
Дээд бурхадын ханьцашгүй амгаланд байгуулаад
Дэнсэж сэтгэлдээ санасан бүхнийг төгсгөгч
Даамай үргэлжийн өглөгийг хэлэх хэрэг юун
34. Алин энэ адилын өглөгийн эзэн бодисадваад
Алдаж муу сэтгэлийг гаргаж үйлдвээс л
Атаат муу санааны тоогоор галавт
Аюус тамд оршино хэмээн Бурхан зарлиглав
35. Харин сэтгэл машид сүжиглэн үйлдвээс
Хойшдоо үр нь үлэмж арвижих болъюу
Хөвгүүн бодисадва нарт аньс ихтэй тул
Хилэнц үл гаран буян аяндаа арвижмой
36. Асралт сэтгэлийн дээд эрдэнэ тэр
Ашид баттай мэндэлсэн түүний лагшнаа мөргөөд
Алимад зовлонг үйлдсэн ч амгаланд барилдуулагч
Ашдын амгалан гарахын орон түүнээ итгэмой
II БҮЛЭГ.Нїглээ наминчилахуй
1. Тэрхүү эрдэнийн сэтгэлийг эзэмшихийн тул
Тэрчлэн залрагсад ба хиргүй тунгалаг чухаг
Дээдийн ном хийгээд Бурханы хөвгүүд сэлт
Далай эрдмийн орон(5) нугуудыг сайтар тахисугай
2. Алин буй цэцэг жимс хийгээд
Алин буй эмийн зүйлсүүд
Алин буй ертөнцийн эрдэнэс
Алин буй сэтгэлд зохист ариун усан
3. Эрдэнэсийн их уулс, тэрчлэн
Тааламжит ой цэцэглэг ба аглаг орон
Цэцгэн хээт найгасан найлзуур хийгээд
Мөчрөө дэвссэн сайн жимст модон алин
4. Ертөнцийн тэнгэр тэргүүтнээ ч үнэр анхилсан
Хүжис хийгээд галбарвасан ба эрдэнийн модон
Өөрөө боловсорсон тариа ургац ба
Өөр бас тахиваас зохист чимэг сэлт
5. Линхуа чимэгт нуур цөөрөм болоод
Сэтгэлд аятай эгшигт галуу сэлт
Хязгааргүй огторгуй эн сацуу
Хэмжиж баршгүй тэр бүхнийг
6. Сэтгэлдээ барин төрөлхтний дээд Бурхан
Түүний хөвгүүн сэлтэс бүхнээ өргөснийг
Дээдийн номын орон их нигүүлсэгч та
Доорд намайг болгоон таалан соёрхму, эднийг
7. Миний бие буян муут үгээгүй нэгэн тул
Магад надад тахилын эд үгүй
Машид тийм тул бусдын тусыг болгоогч минь
Миний тусад нигүүлсэхүйн сэтгэлээр таалагтун,
эднийг
8. Өчүүхэн би бээр Бурхан бодисадва та бүхнээ
Өөрийн биеэн өнөд өргөж үйлдсүгэй
Бодисадва дээдэс намайг авран соёрх
Бишрэлтэйеэ, би таны боол чинь болсу
9. Та бээр намайг таалалдаан багтааваас
Там орчлонгоос үл аюун амьтны тусыг үйлдсү
Түрүүчийн нүглээс баттай гэтлэх хийгээд
Тэгээд бас хойшдоо ч үл үйлдсү нүглийг
10. Анхилам тансаг үнэрт угаалгын орд харшнаа
Арчмал тунгалаг хаст газар дэлхий жигдрээд
Алтран гийсэн сэтгэлд зохист их эрдэнийн баганат
Агуу гэрэлт сувдан лавир барьсны дотор
11. Амгалан залрагсад тэдний хөвгүүдээ
Ачит эрдэнийн бумбыг их үнэрт усан
Арвин тансаг рашаанаар дүүргээд
Аялгуут дуу ба хөгжмийн хамт лагшинд тань
угаал өргөмү
12. Адилтгашгүй хив торгоор та бүгдийн лагшинг
Ариун тансаг үнэр халдаан арчму за
Ая тэгээд танаа дуртмал сайхан өнгөт
Агь тунамал үнэрт дээд баринтгийг өргөмү зэ
13. Алин хөнгөн зөөлөн баринтаг хийгээд
Алтан олон эрхэм чимэг тэдгээрээр
Аврал хутагт Самандбадра, Манжушри хийгээд
Ачит Арьяа Авалогда, Ишивари тэргүүтнийг чимсү
14. Агуу гурван мянган ертөнцөд анхилсан
Алин тэр л үнэрээр хамаг Бурханы лагшинг
Алтны тунгаамлыг түрхэн түгээх адил
Алтран туяарах тэднээр сүрчсү
15. Тахилын орны дээд Бурханаа
Сэтгэлд зохист мандара, линхуа
Удвал тэргүүтэн сайхан үнэрт бүхнийг
Сэтгэлд зохист сайтар хэлхсэн эрхисээр тахиму
16. Сэтгэл булаам тансаг үнэр түгээмэл түгсэн
Сайхан үүлсийн чуулганыг тэднээ өргөмү
Элдэв зүйл нигурын идээ унд сэлт
Эрхэт тэнгэрийн зоогийг тэднээ өргөмү зэ
17. Зэрэгцэн жигдрэгч алтан линхуа мэт
Эрдэнийн зул тэднийг өргөмү
Хүжсээр сүрчсэн тэгш газар дэлхийд
Хүй тансаг сэтгэлд зохист цэцэгсийг дэлгэмү
18. Хэмжээлшгүй орд харш, сэтгэл хөглөх эгшиг дуун
Үзэсгэлэн бадарсан сувд эрдэнэсэн унжлага чимэг
Даягаалшгүй огторгуйн чимэг болсон тэдгээрийг
Дээд нигүүлсэхүйн чанарт танаа өргөмү
19. Эргэн тойрон элдэв зохист чимгээр чимсэн
Эрдэнийн үзэсгэлэнт алтан ишт шүхэр
Үзвээс л гуа дүрст түүнийг тулснаар
Үргэлжид бурхад танаа өргөмү зэ
20. Тэгээд бас бусад тахилын чуулган
Тансаг зохист яруу эгшиг хөгжмийн
Амьтны халуун зовлонг сэрүүцүүлэгч
Аль тэр үүлс зүг зүгт орших болтугай
21. Дээдийн ном чухаг бүгд хийгээд
Суврага болоод хөрөг лагшнаа
Эрдэнэт цэцэг тэргүүтний хур
Үргэлжид тасралтгүй буух болтугай
22. Манжушри тэргүүтэн бодисадва нар хэрхэн
Магад бурхдыг тахин зохиосон адил
Миний бие тэрчлэн залрагсад болоод
Машид итгэлт бодисадва нарыг тахисугай
23. Далай эрдэмт та нараа би
Далай эгшиг дуугаар магтсу
Эгшиг яруу магтаалын үүлэн
Эгнэгт бат хотол хүртүгэй, тэднээ
24. Алин хамаг гурван цагийн бурхад
Авралт ном ба чуулганы дээдэст
Алин хотол орны тоосны тоогоор
Алд биеэрээ мөргөж сөгдмү, би
25. Агуу боди сэтгэлийн шүтээн болсон
Ариун суврага тэднээ мөргөмү, би
Ачит убдини ба багш хийгээд
Ариун дээд шагшабадат танаа мөргөмү
26. Хэзээ бодийн зүрхнээ хүртэл
Бурхан боди дор итгэмү
Тэрчлэн ном хийгээд бодисадын
Чуулган дор итгэмой(6)
27. Хамаг зүг бүхнээ оршсон
Тугуулсан бурхад бодисадва
Их нигүүлсэхүйг эрхшээгч танаа
Алгаан хамтатган өчих учир нь
28. Тэргүүлшгүй цагаас сансар дор
Энэ хийгээд бусад төрөл тутам
Үл ухан өөрөөн үйлдсэн нүгэл буюу
Өрөөл бусдаар үйлдүүлсэн нүгэл ба
29. Эргүү мунхагт дарагдсан би бээр
Элдэв нүгэлд даган баяссан зэрэг
Элдэв гэм тэднээ ухаж мэдээд
Энэрэлт танаа зүрхний мухраас наминчилму
30. Эрхэм дээд гурван эрдэнэ ба
Эцэг эх багш бусад дор
Энэ нисванисын эрхээр(7) л бие, хэл
Эгээ бас сэтгэлээрээ эндэл хийснээ
31. Олон эргүүгээр гэмтэн бологч
Нүгэлт би бээр алив нүгэл (8)
Машид барагдашгүйг үйлдсэнээ
Хамаг сартвахи танаа наминчилму
32. Хилэнцээ наминчлалгүйгээр би
Хэзээ урьд нь үхэл егүүтгэх
Үүнээс магад тонилохын тулд
Үтэр түргэн авран соёрх
33. Итгэхийн аргагүй үхлийн энэ эзэн
Үйлдсэн, эс үйлдсэнийг үл харгалзан
Өвчтөн болоод эрүүл хамгийг ч
Гэнэт хөнөөх тул итгэх аргагүй
34. Байгаа бүхнээ орхиод одох жамтай ч
Бас тэр мэтийг би үл ухсан тул
Садан ба садан бусын тусад
Садаг нүгэл элдвийг үйлдэв
35. Садан бус тэд ч үгүй болох
Садан мөн тэд ч үгүй болох
Би өөрөө ч нөхчих бөгөөд
Бас хамаг бүгдээр нөхчимү зэ
36. Зүй бодитой амссан эдэлсэн алин
Зүүд зүүдэлсэн лүгээ агаар нэгэн
Өнгөрсөн бүгд үл үзэгдэж
Өдгөө тэд зөвхөн дурсахуй орон болюу
37. Түр нэгэн амьд ахуй энэ л цагт
Төрөл садан, садан бус олон нөхчив
Тэдний төлөө хураасан хилэнц
Тэсэшгүй бэрх олон өдгөө буй
38. Тэр мэт гэнэт нөхчинө хэмээн
Тэнэг би эс ухсаны дээр
Мунхаг, тачаангуй, урин бээр
Муу нүглийг олонтаа үйлдэв
39. Өдөр шөнө үл азнан
Энэ нас үргэлж хомсдон
Өөрөө нэмэгдэх нь үгүй тул
Өөрөө би юунд үл үхэх
40. Алин би хэвтэрт ороод
Амраг садан эргэн хүрээлсэн ч
Амин тасрахуйн зовлонг
Аяа ганцаараа л эдлэмүй зэ
41. Эрлэгийн элчээр эзлэгдэхүйд
Элгэн садан хэн бээр туслах
Тэр цагийн ганц аврал буян мөн ч
Түүнийг харин эс үйлдвэй би
42. Энхэр сэрэмжгүй би бээр
Энэ мэт аюулыг үл мэдэн
Мөнх бус энэ насны тулд(9)
Машид их нүглийг магад үйлдэв
43. Амиа таслуулахын газраа хүн
Аргагүй өнөөдөр ч хөтлөгдөн туугдах бөгөөд
Ам нь хатаж нүд нь бүлтэлзээд
Аяа, урьдаас ангид үзэгдэх буюу
44. Аймшиг ихт эрлэгийн элчийн
Авир аашинд баригдсан
Аюулт өвчнөөр нэрвэгдсэн
Аяа, өтөл доордсыг хэлэх хэрэг юун
45. Хэн л намайг энэ аюулаас
Хэтийн сайнаар аварч үйлдэх хэмээн
Хянан сэрэмжлэн нүдээн бүлтийлгээд
Хэзээд дөрвөн зүгтээ авралыг эрэв
46. Дөрвөн зүгтээ авралыг эс олоод
Тэгээд үнэхээр цөхрөнгөө барав
Тэрхэн даруйд аврал үгүй болохоор
Тэр цагт би юу хийж чадах
47. Тиймд амьтны итгэл ялгуугсан
Амьтныг аврах тусыг туурвигч
Аймшигт аюул бүхнийг дарагч танаа
Эдүгээ энэ өдрөөс итгэмү би
48. Сансрын аюулыг арилгагч
Таны таалалын ном болоод
Бодисадын чуулганаа
Тэрчлэн үнэхээр итгэмү, би
49. Сансрын аюулаас машид айн
Самандбадраад өөрийгөө өргөмү би
Манжушри дор өвөр ямагт бээр
Өөрийн энэ биеэ өргөж үйлдмү
50. Эндүүрэггүй нигүүлсэхүй явдалт
Итгэлт Хонсим бодисадва танаа
Энэлэхүйн дуугаар уриму за
Их нүгэлт намайг авран соёрх
51. Хутагт Агшагарби бодисадва ба
Гишдагарби бодисадва та бүхнээ
Их нигүүлсэгч итгэлт бүхнээ
Зүрхнээсээ аврал эрэн дуудмой
52.Хэн үзвээс л эрлэгийн хааны
Хилэнт элч сахиусан нарыг
Хамаг зүг бүхнээ цочоон бутруулагч
Базарвани танаа итгэмү, би
53. Урьд таны зарлигийг үл дагав
Өдгөө их аюулыг мэдрэв
Танаа итгэн залбирмой
Аюулаас түргэн авран соёрх
54. Эгэл өвчин тусахуйн цагт
Эмч оточийн үгэнд орох хэрэгтэй л
Тачаангуй тэргүүтэн олон гэмт өвчнөөр
Тужид энэлснийг хэлээд яах вэ
55. Тэр гагц өвчин л замбутивийн
Төрөлхтөн бүхнийг сүйтгэмү
Түүнийг анагаах эм тан л
Тал бүхэнд үл олдъюу
56. Эрхгүй тэгээд хамгийг болгоогч
Эвэршээл бүхнийг арилгагч отчийн
Эрхэм зарлигийг үл дагаарай хэмээгч л
Энгүй мунхаг бас муушаалын орон болоод
56. Өчүүхэн төдий халил хавцлаар
Онц сэрэмжтэй явах хэрэгтэй атал
Мянган бээр доош унаж одох
Машид гүн халилийг хэлэх хэрэг юун
57. Өнөөдөр лав үл үхнэ хэмээн
Өег цатгалдан суух зохисгүй
Миний үхэх тэр л цаг
Магад ирэх нь дамжиггүй
59.Хэн надад мөнхийн хутаг өгөх ба
Хэрхэн үхлээс магадтай зугатааж чадах
Осол омтоггүй нь үгүй атал
Огоот сэтгэл амар юунд суунам би
60. Урьд амсаж эдэлснээс
Илүү зүйл надад юун буй
Би бээр түүнээ илт шунан
Багшийн зарлиг лугаа харшлав
61. Энэхэн халуун амь нас бас
Элгэн садан юугаа орхиод
Эгээл ганцаар одох тул
Элгэн садан тэд юуны тус
62. Хилэнц нүглээс зовлон төрнө
Хэрхэн түүнээс гэтэлнэ хэмээн
Өдөр шөнөгүй үргэлжид би
Энэ ямагтыг сэтгэвээс зохистой
63. Үл мэдэх мунхгийн эрхээр би
Язгуурын амлашгүй нүгэл хийгээд
Цаазын амлашгүй нүгэл алин
Үйлдсэн тэр хамаг бүгдээ
64. Бурханы мэлмийн өмнө ил тодоор
Алгаан хамтатган айхын сэтгэлээр
Ахин дахин мөргөн сөгдөөд
Алин үйлдсэнээ наминчлан залбирмуй
65. Сартваахи та миний нүгэл болоод
Саар эндрлийг болгоон соёрх
Эл нүгэл сайн зүйл бус тул
Эргэж хойшид эс үйлдсү би
III БҮЛЭГ.Боди сэтгэлийг батад барихуй
1. Алин муу заяаны хамаг амьтны
Амаргүй зовлонг амирлуулагч буян(10) болоод
Аягүй зовлонт тэднийг амгалангийн оронд
байгуулагч
Алив түүнээ даган баясму, баясгалантай яа
2. Боди хутгийн үндэс болох буяныг хураагч
Бас түүнээ даган баясму
Сансрын зовлонгоос амьтныг
Саадгүй тонилгогчоо даган баясму
3. Бурхад нугуудын боди хутаг хийгээд
Бодисадва нарын газраа (11) даган баясму
4. Хамаг амьтныг амгалнаа байгуулах
Ханьцашгүй боди сэтгэлийн буяны далай хийгээд
Хамаг амьтны тусыг бүтээх буянаа
Харьшгүй баясгалангаар даган баясму
5. Арван зүгийн бурхад танаа
Алгаан хамтатган айлтгах нь
Балай мунхгийн харанхуйд төөрөгсөдөө
Буянт номын зулыг бадруулан соёрх
6. Арилсан нирвааныг таалагч бурхад дор
Алгаан хамтатган айлтгах нь
Амьтан бодийг харанхуйд үл төөрүүлэн
Алдлан тоолшгүй галавт ажран соёрх
7. Тэр мэт эдгээр бүгдийг үйлдэж
Тэрхүү миний хураасан буянаар
Түүгээр хамаг амьтан бүхний
Тээршаах зовлон бүхэн амирлах болтугай
8. Өвдөж зовогч амьтны хэзээ
Өвчин илааршихуй инагшид
Эм тан хийгээд эмч оточ болоод
Энэлэх өвчтөний зарц болсу би
9. Идээ ундааны хурыг буулгах бөгөөд
Өлсөх ундаасахын зовлонг арилгаад
Зуд турхны хугас галавын үед ч
Идээ зоог нь болсу би
10. Ядуурч доройтсон амьтнаа
Ямагт барагдашгүй хүү сан болсу би
Элдэв хэрэгтэй эд таваар бүхэн
Эгц өмнө нь түргэн бүтэх болтугай
11. Энэ бие болоод буян юугаа
Эргэх гурван цагийн буян бүхнээ
Хамаг амьтны тусыг бүтээхээр
Харамлалгүй зориулмуй би
12. Бүгдийг өгвөөс л нирваанд (12) хүрьюү
Булт миний сэтгэл түүнийг л хүсмү
Бүгдэд өгчих хэрэгтэй учирал юугаа
Бүх амьтанд өгвөөс эрхэм болсу
13. Хамаг амьтны таалалд би
Хар толгойгоо өгчихсөн болохоор
Намайг насад алах буюу доромжлох
Нанчиж зодохоо тааллаараа үйлдсүгэй
14. Энэ биеэр минь наадах буюу
Инээдэм наадмын бай болгосон ч
Эрхбиш энэ биеэн өгчихсөн хойно
Энхрийлж хайрлаад юу хийх, үүнийг
15. Амьтан тэдэнд хорлол үл болох
Алин тэр үйлийг л үл үйлдсү би
Намайг л зорьсон болвоос л
Насад хэрэг нь бүтэх болтугай
16. Намайг зорьсон хэн бүхэн
Надад хэдэр уур ба хэт сүсэг гаргасан ч
Насад тэд бүхний алин тэр
Нарийн үйлс хотлоор бүтэхийн үндэс болтугай
17. Хэн намайг муушаасан тэр
Хэн намайг хорлосон тэр
Хэн намайг гутаасан тэр
Хэн бүгд тэр Бурханы хувьт болтугай
18. Авралаар хоосрогсодын аврал
Аян замд одогсрдын удирдагч
Ай усаар гатлагсадын онгоц
Аяа бас хөөрөг сал болтугай би
19. Ахуй тивийг хүсэгчнээ тив нь
Асагч зулыг хүсэгчнээ зул нь
Амрах орыг хүсэгчнээ ор нь
Ажиллах боолыг хүсэгчнээ боол нь
Амьтан бүгдийн боол болтугай
20. Зэндмэнь эрдэнэ хийгээд сайн бумба
Зэрэгчилэн нууц тарни ба эрдэнийн эм
Захисныг сэтгэлчилэн бүтээгч галбарваас
Заяат амьтан бүгдийн гамидини(13) болтугай, би
21. Элс шороо тэргүүтэн их махбоди ба
Энгүй огторгуй мэт үргэлжид
Эх болсон олон амьтны ,
Элдэв амьдралын суурь нь болтугай, би
22. Энгүй огторгуй сацуу амьтны
Элдэв зүйл орон язгуур бүхэн
Алин хэзээ Бурхан болох хүртэл
Амьдралын суурь нь болтугай, би
23. Эрт урьдын сайвар одогсод
Эрхэм боди сэтгэлийг эгүүсгээд
Энгүй бодисадвын суртгаал(14) дор
Эгээрэн суралцсан тэр адилаар
24. Энэхүү олон амьтны тусын тулд
Эрхэм боди сэтгэлийг эгүүсгээд
Энгүй тэр сургаал дор л
Эгээрэн суралцах болтугай, би
25. Энэ мэтээр ухаантай бүхэн
Эрхэм боди сэтгэлийг сайтар бариад
Эцэс хүртэл дэгжүүлэхийн тул
Энэ адилын сэтгэлээ нөрдөн магтсугай
26. Энэ л өдөр амьд явсны хэрэг бүтэв
Эрхбиш хүний сайн заяаг олоод
Өнөөдөр л Бурханы язгуурт төрөв
Өдгөө Бурханы хөвгүүн болов би
27. Одоогоос эхлэн би аль чадахаараа
Олсон язгуур лугаа зохист үйлсийг туурвим за
Хиргүй тунгалаг энэ л язгуураа
Хиртээлгүй ариун энэ мэтээр үйлдсү
28. Хогийн овоолгон дотроос харалган хүн
Хосгүй их эрдэнийг олсон адил
Харин юун сайн зол заяагаар
Ханьцашгүй боди сэтгэл надад төрөвөө
29. Амьтны үхлийн эзнийг дарагч
Аршааны дээд энэ л буюу
Амьтны хоосролыг арилгагч
Авч баршгүй хүү сан энэ буюу
30. Амьтны өвчнийг амирлуулагч
Ачит эмийн манлай энэ буюу
Алимад сансрын мөрд төөрч зүдсэн
Амьтны алжаалыг үргээгч найлзуур энэ мөн
31. Хамаг амьтны муу заяанаас
Хангирсан гэтгэлгэх шат энэ болой
Хамаг нисванисын эвээршээлийг хөнөөгч
Халуун сэтгэлд ургасан саран болой
32. Амьтны хамаг мунхгийн хөлхөлгөөг
Ааг ёзоороос таслагч их наран мөн
Ариун дээдийн номыг бүлснээр л
Ариусаж гарсан охь тос нь мөн
33. Амгалан төгс жаргалыг эдлэхийг хүсэн
Ай сав ертөнцөөр бядан явагч амьтан зочныг
Амгалангийн манлайд батдуулагч энэ буюу
Амьтан зочинг жаргаан цэнгүүлэгч энэ буюу
34. Хэзээ Бурханы хутаг олох хүртэл
Хамаг бурхадын мэлмийн өмнөө
Хотол амьтныг зочноор урьсугай би
Хан тэнгэр, асурь тэргүүтэн цэнгэтүгэй
IY БҮЛЭГ. Сэрэмжлэхүй
1. Бурханы хөвгүүд энэ мэтээр
Боди сэтгэлийг батад барин
Басаж үл алгасран үргэлж хойшдоо
Бодийн суртгаалийг үл зөрчин шамдсугай
2. Алин хайш яайш үйлийг туурвисан буюу
Алс үйлийг сайтар үл шинжлээд
Ам тангаргийг өчих хэдий ч
Аль үйлдэх аль орхихоо шинжвээс зохист
3. Бурхан хийгээд түүний хөвгүүдийн
Билэг ухаанаар шинжилсэн түүнийг
Би мэт хичнээн шинжээд ч
Булт илүү сайныг гаргах юун
4. Хэрвээ ам тангараг тавьчихаад
Хэрэг үйлсээ эс бүтээвээс л
Хамаг амьтныг мэхэмдсэн болох тул
Хойшдоо ямархан заяанд очих бол, би
5. Өчүүхэн төдий эд өлгийг
Өгнө хэмээн сэтгэлдээ саначихаад
Эс өгсөн хүмүүн тэр мэтэс
Энэлэгч бэрдэд төрнө хэмээн айлдсан тул
6. Ханьцашгүй __________их амгалан жаргаланд
Хамаг сэтгэлээс зочноор урьчихаад
Амьтан бүхнийг мэхэмдэн үйлдвэл
Амгалан заяанд яаж одох билээ
7. Боди сэтгэлийг огоорон орхичихоод
Бодитой тонилохуй хутгийг олно гэдэг
Бат санаанд үл багтах явдал бөгөөд
Бурхан хамгийг болгоогч л болгомой түүнийг.
8. Тэр ямагт бодисадва нарт
Түрүүгээ унахын дотроос хүнд нь бөгөөд
Тэр мэт алдас гарваас л
Тэгээд хамаг амьтны үйлс сүлбэрьюү
9. Агшин төдий амьтан бусдын
Ариун буян дор тотгор үйлдвээс л
Амьтны тус сүлбэрэх учир
Аюус муу заяа хязгааргүй ирэх
10. Гагц амьтны амгалан жаргалыг
Гацааж бусниулахад өрөөн сүлбэрэх тул
Гэгээт хөх огторгуй сацуу
Гэгэлзэх амьтны амгаланг бусниулахыг
хэлэх юун
11. Хүчит алдас унал тэр мэт хийгээд
Хотол буянт боди сэтгэл хоёр л
Хүй орчлон дор ээлжлэн булаалдах тул
Хүж эрдмийн орноо хүрэхэд өнө удму за
12. Хэрхэн ам тангараг авсан ёсоор
Хэзээд таалан хүнддэн бүтээсү би
Хэрвээ өнөөдрөөс эс хичээн үйлдвээс
Хэтдээ дордон доошлох болуужин
13. Хамаг амьтны тус зохиогч
Ханьцашгүй олон бурхад залрахад
Өөрийгөө гэм эргүүгээр л би
Өөдөлж дээшлэлгүй өдий болмой за
14. Өдгөө мөн л тэрчлэн үйлдвээс л
Өнөд тэр адил болох бөгөөд
Өгөр муу заяа ба өвдөх, хүлэгдэх
Өрлөгдөн таслагдах, цавчигдах сэлтийг
амсмуй за
15. Ачит Бурхан ертөнцөд залрах ба
Ариун сүжигт хүмүүний биеийг олох хийгээд
Арилсан буянд авьяаст болох энэ мэт
Аяа чухаг ховор тул олдох хэзээ бол
16. Өвчингүй энэ мэт өдөр хоногт
Өөдтэй сайнаар хооллож асруулавч
Энэ амь гэгч ганц агшнаа солигдох
Энэ бие гэгч ганц агшнаа зээлэгдэх буюу
17. Энэ адил явдлаар явбаас би
Эрдэмт хүний төрөлд ч үл төрөх
Эрдэмт хүний төрлийг олж эс чадваас
Элдэв хилэнцэт ямагт болоод буян үгүй болох
18. Буян үйлдэх хувь төгөлдөр атлаа
Буян үйлдэж эс чадваас
Буйд муу заяаны зовлонд
Боогдож монширох цагт гансраад яах
19. Цагаан буяны үйлийг эс үйлдээд
Цөвт нүглийг чухалчлан хурааваас
Зуун голди тоотой галавт ч
Зүйт сайн заяаны чимээг ч үл сонсюу
20. Тийн учрыг Ялж төгс нөхчигсөн бээр
Тивийн их далайд хөвөх буглага модны
Төв гол нүхнээ яст мэлхийн хүзүү учирах мэт
Төгс хүмүүний биеийг олоход машид бэрх гэж
зарлиглажээ
21. Ганцхан агшнаа үйлдсэн нүглээр л
Галав наслан аюус тамд суух тул
Тэргүүлшгүй цагаас хураасан нүглээр
Тэрхүү амгалан төрөлд үл одохыг хэлэх юун
22. Тэр төдийхнийг амссанаар
Тэр нь тонилж үл чадах
Энэ мэтийг амссаар л
Элдэв хилэнц машид төрмү
23. Энэ адилын чөлөөг олчихоод
Эрхгүй буянд дадаж би эс чадваас
Үүнээс илүү хуурмаг ч үгүй
Үүнээс илүү мунхаг ч үгүй
24. Хэрвээ түүнийг ухсан хирнээ би
Хэдэрлэж мунхгаар хойшлуулж сааруулбаас
Хэзээ үхэхийн цаг ирэхүйд
Хэцүү гашуун зовлон болох буюу
25. Тэсэхүйеэ бэрх тамын галд өнөд удаан
Түлэгдэн шатахуй өөрийн биенээ ирэхүйд
Тэвчиж баршгүй гэмшлийн гал бадран
Тэмцэх сэтгэлийн шаналал төрөх нь омтоггүй
26. Машид олоход бэрхтэй ч туст газрыг (төрөл)
Мэнд сайн золоор олчихсон хирнээ
Магад би өөрөөн мэдсээр байж
Мунхран жич дахин тамд хүргэвээс
27. Арвис тарниар мунхарч үйлдсэн мэт
Адбиш түүнийг бодох сэхээгүй буюу би
Алинаар мунхарснаа өөрөөн ч үл мэдэх тул
Алмай миний дотор юу нэгэн байна вэ
28. Урин шунал тэргүүтэн дайснаа
Ургасан гар хөл тэргүүтэн үгүй
Ур цэц, баатар зориг ч үгүй бөгөөтөл
Учиргүй тэднээ боол мэт зарагданам би
29. Тэд миний сэтгэлд оршсоор
Тэнчээлэн намайг хорлосоор л ахуйд
Тэднээ үл уурлан хүлцэхүй нь
Тийм ч зохиолтой бус, харин муушаалтай
30. Хэдий тэнгэр болоод асурь нар
Хэн бүгд миний дайсан болсон ч
Хэзээ ч тэд бүгд очирт тамын
Хуйхлах галд хөтөлж үл чадах
31. Хүчит нисванисын дайсан(16) энэ л
Хэн лүгээ учирваас Сүмбэр их уулыг ч
Хөх үнсэн товрог болгон юуг үл үлдээн
Хөөрхий намайг ч агшин зуур тэнд орхим за
32. Миний нисванисын дайсан тэр
Магад өнөд удаан эхлэл төгсгөл үгүй
Машид дайсан бусад бүгдээр энэ мэт
Манийг өнөд удаан чадах нь бус бөлгөө
33. Зохилдох хүндлэлийг өргөж үйлдвээс
Зон олноор туслах бөгөөд амгаланг гаргах
Жигшилт нисванисыг шүтэж үйлдвээс л
Жич дахин зовлон болоод хорлол ирэх
34. Өнө мөнх үргэлжийн дайсан энэ адил нь
Өс хорлолын их чуулган арвижих гагц шалтгаан
Өр зүрхэнд минь магадтай оршсоор ахуйд
Өдгөө орчлонд амгалан жаргалан хаанаас төрөх
35. Орчлонгийн гяндангийн сахиус там тэргүүтнийг
Омтгойрох алуурчин, яргачин болгодог эдгээр л
Хэрвээ миний ухаан дотор тачаалын тор
Хэзээд оршвоос надад амгалан хаанаас ирэх
36. Тэр мэт энэ дайснаа би хэзээ
Тас дарах хүртэл хичээлээ бүү орхису
Тур нэгэн хорлон үйлдэхэд л уур бадрах
Тэсэшгүй омгийн дайснаа эс дарваас нойр ч үл хүрэх
37. Үхлийн зовлон чанарт нисванис лугаа
Үзэлцэн тулалдаж эр зоригоор дарахыг хүсэвч
Илд мэс жад сум тусах зовлонг басамжлан
Илт эс бүтээн жич буцааж эс тархааваас
38. Үргэлжид зовлон бүгдийн үндэс болсон
Үнэхээр дайснаа магад дарахыг хичээх хэрэгтэй би
Өнөөдрөөс зуун зуун зовлонгийн алин үндсээр
Өрлөг гансарч хойш тавихын аргагүйг хэлэх
хэрэг юун
39. Хэрэггүй дайсан шарх сорвийг тавихад
Хээ хуар чимэг болгон биендээ наалдуулдаг л
Хэрэг ихийг бүтээхийн тул үнэхээр хичээхэд
Хөнгөн зовлон юунд намайг хорлох
40. Загасчин гөрөөчин тариачин тэргүүтэн
3аяа амьдрал төдийхнээ санавч
Хүйтэн халуун зовлонг тэсч чадаж байхад
Хамаг амьтны жаргалын тулд би юунд үл тэснэ
41. Арван зүгийн огторгуй сацуу
Амьтныг нисванисаас гэтэлгэхээр
Амлан тангараглах тэр цагт би өөрөө
Алин нисванисаас эс гэтэлсэн бөгөөд
42. Өөрийнхээ хэрийг үл мэдэн
Өгүүлэх нь галзуу бус гэж үү
Энэ учир нисванисаа дарахуйд
Эгнэгт буцалтгүй орж үйлдсүгэй
43. Үүн лүгээ тэмцэж үйлдэх хэрэгтэй тул
Өслөж дотро бариад тулалдаанд орох би
Энэ адилын авирт нисванисыг
Энэ нисванисаар дарж үйлдэхээс ангид үгүй
44. Намайг шатаах бөгөөд алах
Наашлаад толгойг минь таслах ч бага хэрэг
Хэзээ ямагт нисванисын
Хэрцгий дайснаа л сөгдөж бүү үйлдсүгэй
45. Эгэлийн дайсан тулалдаанаас гаравч
Эргэн өөр газар оршин түр бас амраад
Хүч чадлаа сэлбээд ирсэн ч жич буцааж болох
Харин нисванисын дайсан тэр адил бус шүү
46. Ай нисваанис, нисваанис! ухааны нүдэнд л баригдам;
Аяа миний сэтгэлээс салан хаашаа одох вэ?
Алин хаашаа "одсон ч ахин намайг хорлохоор эргэм зэ
Ай муу ухаант намайг зовохгүй барам за
47. Нисванисууд оронд үл орших, эрхтэн цогцсонд
үл орших
Нижгээд тэд бусадтай адил үгүй, хаана ч оршсон
амьтан бүхнийг хорлох
Там тэргүүтэн намайг тэгтэл хорлож үйлдэхгүй тул
айхын хэрэггүй болюу
Тиймд илбэ адил тэднээс үл айн ухамсарлан мэдэхүйг
шүтэж үйлдсүгэй
48. Тэр мэтийг санан ийн хэмээн номлосон
Тэр л суртгаалийг бүтээхийн төлөө шамдсугай
Отчийн үгийг эс дагаваас эм тан төдийгөөр
Онц эмчлүүлэх өвчтөн яахин эдгэрэх билээ л
Ү БҮЛЭГ. Ухамсарлахуй
1. Суртгаалийг сахихыг хүсээчид
Суу хянамгай сэтгэлээ сахих ба
Сэтгэлээ л сахиж эс чадваас
Суртгаалыг сахиж үл чадах
2. Сэтгэлийн заанаа зөнд тавибаас
Сэхэлтгүй тамын хорлол үүдьюү
Галзуу догшин их заан ч
Гай садаг тэр адилыг үл үйлдьюү
3. Хотол санан дурдахуйн аргамжаар
Хохь сэтгэлийн заанаа батад аргамжваас
Хамаг аюул үгүй болоод
Хотол чуулган бүхэн гарт оръюу
4. Бар, арслан, их заан, өтөг
Могой болоод хамаг л дайсан
Амьтан тамын сахиус хийгээд
Дагинас, тэрчлэн мангас бүгд
5. Гагц энэ сэтгэлийг хүлснээр
Хамаг аюул бүхэн хүлэгдьюү
Гагц энэ сэтгэлийг номхотгосноор
Хамаг аюул бүгд номхоръюу
6. Үй олон аюул энэ мэтэс хийгээд
Үлж хэмжишгүй зовлон бүгд
Үнэндээ сэтгэлээс л үүднэ хэмээн
Үнэнийг айлдагч бээр зарлиглав
7. Аймшигт тамын мэс сэлтийг
Алин тухайлж хэн бүтээв
Асан дүрэлзэгч газар шороог хэн үйлдэв?
Аюулт галын очис юунаас гарав?
8. Хамаг тэр адил тэдгээр бүгд
Хилэнцэт сэтгэлээс үүдсэнийг Бурхан номнов
Хэр тийм болохоор гурвар ертөнцөд
Хилэнцэт сэтгэлээс ангид аюул хаана ч үгүй
9. Амьтны үгээгүй ядууг арилгаад
Асар өглөгийн чинадад хүрдэг гэвэл
Эдүгээ үгээгүй ядуус байсаар тул
Эртний бурхад хэрхэн түүнээ хүрэв
10. Ач үр сэлтэс хамаг байгаа бүгдээн
Алин хамаг амьтнаа өгөн чадах сэтгэлийг л
Алимад өглөгийн чинад хүрэхүй (17) хэмээн
зарлиглав
Ачит тэр нь сэтгэл ямагт болой
11. Алин газраа загас тэргүүтнийг
Алах үгүй болой тэдгээрийг хэмээх
Асар тэвчихүйн сэтгэлийг л төгсгөвөөс
Ариун шагшабадын чинад хүрэхүй хэмээжээ
12. Огторгуй сацуу тэрсүүд амьтан
Огоот тэдгээрийг дийлж яахин барах
Орь гагц уринт сэтгэлээ л дарваас
Олиггүй дайсан бүхнээ дарсантай адил
13. Энэ дэлхийг ширээр бүрсү хэмээвээс
Эн тэнцэх шир хаанаас олдох вэ?
Эрхбиш гутлынхаа л улыг ширлэчихвэл
Эгээ л хамаг дэлхийг ширлэсэнтэй адил буюу
14. Тэрчлэн гадаадын учир шалтгаан бүхнийг
Тэрслэн хариулж хаанаас барах би
Өөрийнхээ сэтгэлийг хариулж чадваас
Өрөөл бусдыг хариулахын хэрэг юун
15. Эгэлхэн буяны сэтгэлийг л эгүүсгэсэн төдийд
Эсэрва тэнгэр тэргүүтний үрийг олдог л
Энэ бие болоод хэл сэлтэсийн ач үр нь
Эгээ тэр сэтгэл адил бус тул чадал сул буюу
16. Урин тоолохуй хийгээд хатуужил бүхнийг
Урт удаан үргэлжид үйлдэн үйлдсэн ч
Уг сэтгэл бусад зүйлд алгасрах аваас л
Угаас тусгүй хэмээн мөн чанарыг болгоогчид
зарлиглав
17. Хэн нэгэн номын зүрхэн утга
Хоёргүй сэтгэлийн энэ нууцыг эс мэдвээс
Амгаланг хүсч зовлонгоо дарахыг хүсэвч
Ашиггүй алмайрч дэмий тэнэюү
18. Тэр мэт өөрийнхөө сэтгэлийг л
Сайтар барин сайтар сахисугай
Сэтгэлээ сахихуйн заншил ёсноос ангид
Элдэв олон заншил ёсоор юу хийх
19. Анзааргагүй олны дунд байхдаа
Анхаарч шархаа сэрэмжлэх адил
Албин муу хүний дотор явахдаа
Атгаг сэтгэлийн шархыг сахисугай
20. Өчүүхэн шархны эвэршээлээс
Өлчир цочин шархаа сэрэмжилдэг атал
Хураан няцлагч уулсаар няцлагдахаас цочин
Хорт сэтгэлийн шархаа юунд эс сахинав
21. Энэ адилын заншилд дадваас
Эгэл ардын дотор орших болоод
Эмс хатдын дотор суусан ч
Эгнэгт сахихуй дор хичээгсэд үйл доройтъюу
22. Миний олз хүндлэл хийгээд
Мань бие, амьжиргаа ч доройтсугай
Магадгүй бусад буян ч доройтвол доройтог
Миний сэтгэл л хэзээд бүү доройтог!
23. Сэтгэлээ сахихыг хүсэгч бүхнээ
Санахуй (18)хийгээд ухамсарлахуй (19) сэтгэлийг
Аминдаа тулсан ч сахитугай хэмээн
Алгаан хавсран тэр мэт захиму би
24. Өвчнөөр хямарсан хүмүүн бүгд
Өөртөөн үйл бүхнийг туурвих хүчгүй адил
Өөдгүй мунхгаар хямрагсад
Өөдтэй үйл бүхнийг туурвих хүчгүй болюу
25. Ухамсар үгүй сэтгэлтэн
Урьд сонсож санаж бясалгавч
Угаас ёроол цоорхой бумбын ус адил
Угтаа санахуй ердөөс үл төрөх
26. Олныг сонссон сүсэгтнээ
Онцгой шамдах хэдий их ч
Онож ухаагүйн гэм тогтосноор
Омтгой гэм уналын цөвт болох
27. Үл мэдэхүйн хулгайч нар
Үргэлжид санахуйг даган доройтуулаад
Хураасан чухал буяныг минь ч
Хулгайч булаах мэтээр аваад муу заяанд
хаяму
28. Хулгайч нисванисын чуулган эзэн
Хэзээд чөлөө завсрыг эрж бэдрээд
Хэдий чөлөө завсар гарваас л
Хэтийн сайн заяаны амийг ч таслах
29. Тиймийн тул санахуйг сэтгэлийн үүднээс
Тээршааж хэзээ ч бүү орхисугай
Хэдий ирсэн ч муу заяаны хорлолыг
Хэзээд санаж дурдаад шадар агуул
30. Багш садан лугаа нөхөрлөн
Бат дээдсээр дагуулан хөтлүүлсэн
Сэрэмжлэн аюуж бишрэгч хувьтнаа
Санахуй дурдал амар хялбар төрөх
31. Хамаг Бурхан бодисадва бүхэн
Хотлоор төгс торолтгүй болгоолт
Хамаг тэр бүгдийн мэлмийн өмнө
Хэзээд би сууж оршмой хэмээн
32. Тэр мэтээр санаваас ичгүүр
Тэгээд айдас ба хүндлэл төгөлдөр болоод
Түүгээр л Бурханыг санахуй сэтгэл
Түүнээ дахин дахин төрөх
33. Санахуй дурьдахуйг сэтгэлийн үүдний
Сахиулагч болгон хэзээд байлгаваас
Тэр цагт ухамсар ч төрөх бөгөөд
Талийж одсон тэд ч эргэж ирэх
34. Яг чингээд анх удаа энэ адилын сэтгэл
Яах аргагүй эндүүрэгтэйг ухаарахуйд
Тэр цагт би мод мэт
Төлөв тогтвортой оршиж үйлдсү
35. Хэрэггүй алгасарч харахыг
Хэзээд бүү үйлдсүгэй би
Магадлах сэтгэлээр үргэлж
Машид доогуур нүдээ буулган хар
36. Үзэх сэтгэлээ амраахын тул
Үе үе зүгт зүгт харсугай
Саатаж хэн нэгэн нүдэнд үзэгдвээс
Сайн байна хэмээн харж өгүүл
37. Зам мөрийн аюулыг шинжлэхийн тул
Завсарт бас дөрвөн зүгт харж үйлд
Амрахын тул гэдрэг хараад
Ар талаа ажиглаж үйлдсүгэй
38. Урд хийгээд хойд мөрөө шинжээд
Одох буюу ирэхээ шийдэж үйлд
Тустайг ухаж мэдээд
Тэр мэтээр орон үес бүгдэд үйлдсүгэй
39. Бие минь энэ мэт оршино хэмээгээд
Бэлтгэлээ базаагаад тэндээсээ
Үе үе энэ биеэн ямар болохыг
Үзэж анхаарч байгаарай
40. Галзуу сэтгэлийн их зааныг
Гагц номт сэтгэлийн их багананд
Алдууралгүй сайнаар бөхлөөд
Ажигласугай түүнийг, байгаа хүчээрээ
41. Чингээд диянд хичээн
Агшин төдий ч алдалгүй
Миний сэтгэл яанав хэмээн
Тэр адилыг сэтгэлдээ тус тус шинжсүгэй
42. Зовлон жаргал юу учирсан ч
Зорьж эс автваас сайн болох
Өглөг өгөхүйн цагт ч
Өнөө шагшабадаа алагчаалалгүй агуулахыг
Зарлиглав
43. Алин үйлийг сэдэн туурвиваас
Ангид түүнээс бусдыг бүү сэд
Түүнээ л зорисон сэтгэлээр л
Тэр ямагтыг түргэнээ бүтээн үйлдсүгэй
44. Тийн туурвиваас бүгдийг сайтар гүйцээ
Эс ч ингэвээс алин ч үл бүтэх болой
Ухамсар үгүйд шадар ирэх нисванисыг
Улам арвижуулж тэр мэт бүү үйлд
45. Элдэв шалдар булдар яриа хийгээд
Энгүй олон сонин үзмэрүүд
Энэ бүхэнд орох болвоос л
Эдгэрээс шуналаа буцааж үйлд
46. Дэмий газар ухан, өвс таслах ба
Дээр нь зураг зурах зэргээр үйлдвээс
Бурханы сургаалийг санан дурдаад
Даруй цочин тэдгээрийг орхисугай
47. Хэрвээ хөдлөхийг хүсэх буюу
Өгүүлэхийг хүсэх болвоос
Эхэнд нь өөрийн сэтгэлээ шинжээд
Бат ноттойгоор шийдэж үйлд
48. Алин миний сэтгэлд тачаангуй хийгээд
Ааг омог босохуй тэр цагт
Алин үйлийг бүү үйлд, өгүүлэхийг ч бүү үйлд ,
Аяа тэгээд мод мэт оршиж үйлд
49. Тоглоом тохуу инээд наргиан хийх буюу
Хэрэв зэ омог дээрэнгүй асах буюу
Хоригийг уудлахын сэдэлгэ хийгээд
Гомдоох мэхэмдэхийг санаархах буюу
50. Өөрийгөө магтахыг хичээх буюу
Өрөөл бусдыг муушаах ямагт болоод
Хэрцгий загнах хэрэлдэх зан хөдөлвөөс
Тэр цагт мод шиг оршиж үйлдсүгэй
51. Олз хүндлэл алдар нэрийг хүсэх буюу
Албат туслах, нөхөр зэргийг хүсэх ба
Өөрийгээ өргөмжлүүлэхийн энхэр хүсэл төрвөөс
Тэр цагт мод шиг оршиж үйлдсүгэй
52. Бусдын тусыг ясал орхиод
Өөрийн тусыг бүтээхийн хүслийг
Өгүүлэхийн сэтгэл төрөвч
Тэр цагт мод шиг оршиж үйлдсүгэй
53. Үл тэсэх, залхуу, айх хийгээд
Тэрчлэн зөрүүд танхай хийгээд
Тачаах хүсэл өөрийн зүгтээ төрвөөс
Тэр цагт мод шиг оршиж үйлдсүгэй
54. Тэрхүү хамаг нисванист сэтгэл ба
Тусгүй хэрэгт дурлагч сэтгэлээ шинжээд
Тухайн цагт баатрууд / бодисадва/ ерөндөг түүний
Тун баттай, бат шүтэж үйлдсүгэй
55. Машид бат болоод чин сүжигт
Бат бишрэл, өргөн хүндлэхүй төлөв даруу
Ичгүүр мэдэх, эмээн аюух сэлт
Усхал дөлгөөнөөр бусдыг баясгахуйг хичээсүгэй
56. Инагш үл зохилдох нялхасын
Хүсэл сэтгэлд үл гансрах бөгөөд
Нисванисын эрхээр эдний сэтгэл
Ийн уршигдав хэмээн өрөвдөж нигүүлс
57. Мөн чанараар гэмгүй бодитой буян
Өвөр бусад амьтны тусад үйлдэх бөгөөд
Би хэмээх нь хувилгаан мэт боди үгүй хэмээх
Сэтгэлийг үргэлжид барьж үйлдсүгэй
58. Өнө болсны хойно чөлөөт эрхмийг
Олдог болохыг дахин дахин санаад
Сэтгэл тэр мэтийг сүмбэр уул мэт
Машид хөдлөлгүй барьж үйлд
59. Маханд шунасан тас шувууд
Инагш чинагш тасчин чирэхэд
Сэтгэл тань эс зовсон хирнээ
Одоо юуны учир шаналж үйлдэнэ вэ?
60. Энэ бие минийх хэмээн бариад
Үүнийг юунд сахина вэ? Сэтгэл та
Нэгэнт та болоод энэ хоёр тус тус байхад
Танд ингээд юуны хэрэгтэй вэ?
61. Юуны тул мунхгийн сэтгэл та
Сайхан дүрст модыг эс барина вэ
Бузар хирт цугласан энэ хүрдийг
Ялзартал сахихын хэрэг юун
62. Эхлээд энэ арьс бүрхүүлээ
Өөрийн ухаанаар тус тус ялгая
Бас мах яс хэлхээ ясаа ч хүртэл
Билгүүний мэсээр салгаад үзье
63. Яс үсээ жиргэж салгаад
Чөмгөө тултал үзье харъя
Эднээ ямар шим байна хэмээн
Өөрсдөөн шинжилж үйлдсүгэй
64. Тийн шамдан эрэвч түүнээс
Тоймтой шимийг эс олох тул
Та бээр юуны учир
Тачааж үүнийг сахина вэ?
65. Ариун бус болохоор идэж үл чадах
Цусаар ундаа болгож үл чадах
Гэдэс ходоодоо ч шимж үл чадах болохоор
Танд энэ бие юуны хэрэг
66. Эсвээс үнэг хийгээд тас шувууны
Идэш болгохын тулд сахина уу
Хүмүүн бидний энэ бие
Эдэлсээр л дуусдаг шүү дээ
67. Та ингэж энхрийлэн сахивч
Таалал нигүүлсэлгүй Эрлэгийн элч
Булааж аваад нохой шувуунд өгөхөд
Тэр цагт та юу хийх
68. Хувцас тэргүүтнийг эс өгвөөс
Албат үл зарагдах мөн хэдий ч
Хувцаслаж тэжээвч, цааш одох энэ биеийг
Махаа барж ясаа цайтал юунд тэжээнэ вэ?
69. Энэ биенээ хөлс төлөөд ч
Эдүгээ өөрийн хэргээ бүтээв үү
Ашиг тусгүй энэ мэт дор
Алин бүхнээ өгөн бүү үйлд
70. Одохуй ба ирэхүйн шүтээн төдийд
Онгоц мэтээр энэ биеэн сэтгээд
Амьтны тусыг бүтээхийн тухайд
Аль зэндмэнь эрдэнийн бие болгон хувилагсугай
71.Тэр мэтээр өөрийн эрхтэй байхдаа
Үргэлжид мишгэлзэнгүй царайг үзүүлэн
Хилэнт царайг тэвчин буруулаад
Амьтны нөхөр, сайн зөвлөгч болж үйлд
72.Ширээ тэргүүтнийг хайш яаш ба
Хатуу чанга чимээтэй бүү үйлд
Хаалгаа хүчлэн бүү онгойлго
Хаана ч аядуу зөөлөн цэнгүүл
73.Цахлай, муур, хулгайч тэргүүтэн
Сэмхэн гэтэн явсаар
Хүссэн хэргээ бүтээмү
Бурхан үргэлжид тэр адил судлав
74.Бусдад айлтгал өчихдөө мэргэн агаад
Басамжлалгүй тустай үг зарлигийг
Бишрэлтэйеэ тэргүүнээрээ аваад
Бүгдэд үргэлжид суралцах мину болтугай
75.Сайтар айлдагч бүхнээ
Сайн буян болов хэмээн өгүүл
Буян үйлдээчнийг үзвээс л
Сайшаал ерөөлөөр баярлуулж үйлд
76.Бусдын эрдмийг хэрсүү өгүүлэх бөгөөд
Бас дахин давтаж өгүүл
Өөрийн чинь эрдмийг хэлвэл
Эрдмээ мэдэн ухаарсугай
77. Бусдын туурвил бүхэн баясал болох тул
Түүнийг мөнгөөр үнэлэхийн аргагүй чухаг
Тэр мэт бусдын үйлдсэн эрдэм буянаар
Баясал жаргалыг эдлэх буюу би
78. Ингэлээ гээд одоо надад гарз үгүй
Эцэс хойшдоо ч жаргалтай болюу
Гэнэдэж эс баясваас харин зовлонтой
Гээд хойшдоо ч зовлон улам нэмэгдьюү
79. Үнэн сэтгэлээс үг найрлагатай
Утга тодорхой ухаанд зохист хийгээд
Урин тачаал хилэнгээс хагацсан
Уян зөөлөн шударгуу төвшин өгүүлж үйлд
80. Амьтны нүдээр харахуйн цагт
Амьтан эднээ дулдуйдан би
Авралт Бурхан болно хэмээн
Асран энэрэхүйн харцаар үзсүгэй
81. Үргэлжийн өөдрөг сэтгэлээр хийснээ ба
Өнөд ерөндөгийн сэтгэлээс төрсөн
Эрдэмт болоод тусыг хүргэгчээ
Энэлэн зовсонд өгвөөс их буян болох
82. Мэргэн болоод сүжиг төгөлдөр
Үйлс бүхнийг үргэлжид үйлдсүгэй би
Хамаг үйл минь хэн бусдад
Хамаарч үйлдэх эс болой
83. Өглөгийн чинад хүрэхүй тэргүүтнийг
Өрнүүлж дээш нь ялгамжаат үйлд
Өчүүхэний тулд ихийг бүү алд
Эрхэм гол нь бусдын тусыг сэтгэх болой
84. Тэр мэтээр мэдэж аваад, бусдын тусад
Үргэлжид хичээнгүйлэн оршиж үйлд
Их нигүүлсэхүйг эрхшээгч өнө болгоосон тул
Тэвчих зуйлийг ч тэднээ /Бодисадва/ зөвшөөсөн мөн
85. Буруутаж унасан хийгээд авралгүйт ба
Бүтээлд оршигч бүхнээ хувааж
Хэр тааруулж идээ хоолоо идэх бөгөөд
Номын гурван баринтагаас бусдыг өгсүгэй
86. Дээдийн номын тухайд эдлэх биеэн
Дэмий үйлийн төлөө талхилж бүү үйлд
Тэр мэт үйлдвээс амьтны
Санааг түргэн төгсгөж болъюу
87. Их нигүүлсэхүйг эрхшээх хүртэл
Энэ биеэн дэмий бүү үр
Юутай ч энэ хийгээд хойд үедээ
Их хэргийг бүтээхийн үндэс болго
88. Үл бишрэгчнээ ном бүү заа
Өвдсөн бас толгойгоо боосон
Шүхэр, таяг, мэс барьсан ба
Толгойгоо битүүлснээ бүү заа
89. Доордост гүн хийгээд агуу ихийг
Эрсийн үгүйд эмсүүдэд бүү заа
Их бага хөлгөний ном(20) бүхнээ
Энэ тэгш хүндлэн үйлд
90. Агуу их номын савт болсныг
Бага хөлгөний номонд бүү оруул
Явдал мөрөө огоот бүү орхи
Судар тарниар бусдыг бүү буруу зал
91. Чигчлүүр мод хийгээд шүлс нулимсаа
Хаяваас дарж бүрхэж үйлд
Шээс тэргүүтэн ялгадас хөсрөө
Бусдын хэрэглэдэг ус ба газраа орхих муушаалт
Бодисадын явдалд орохуй
92. Амаа дүүргэн дуу гаргах ба
Ангайж тамшаалан бүү ид
Хөлөө алцайж бүү суу
Хоёр гараа хооронд бүү үр
93. Унаа, ор дэр, орон гэртээ
Бусдын эхнэртэй хамт бүү бай
Ертөнцийнхэн эс таалдаг бүгдийг
Үзэж асуугаад тэвчиж орхи
94. Хуруугаараа зам зааж үл үйлдэх бөгөөд
Хүндлэлтэйгээр баруун гарынхаа
Хуруу алга бүгдээ тэнийлгэн
Зам тэр мэтийг зааж үйлд
95. Гараа ихэд үл алдлан
Өчүүхэн хөдөлгөөд дуу гарга
Инчдэх тэргүүтнээр дохио өгөх ба
Үүнээс бусдаар бол анхаарал алдах
96. Бурхан нирваан үзүүлэхээр нойрссон адил
Таалсан зүгтээ хэвтэж үйлд
Удахгүй сэрэх мэдлийг
Урьдчилж сэтгэлдээ сайтар найруул
97. Бодисадын явдал нугууд
Цаглашгүй хэмээн зарлигласан тул
Сэтгэл судлах явдлыг
Магад хэзээ хүртэл судлаарай
98. Өдөр шөнөд гурван удаа
Гурван цогцост судрыг(21) унших бөгөөд
Бүрхан бодисадвааг шүтэн
Үлдэгдэл алдсаа арилгасугай
99. Өвөр бусдын эрхэнд буюу
Орон үес хаана ч явсан
Суртгаалд айлдсан алин түүнийг
Тухайн тэр үед шамдан суралц
100. Бодисада хүн эс суралцах
Бодитой ном тэр хаана ч үгүй
Боловсорсон тэр адилын мэргэдэд
Буян үл болох нь хаана ч үгүй
101. Илт буюу далд алин ч бай
Эрхэмлэж амьтны тусаас ангид бүү үйлд
Ямагт амьтны тусын тулд
Байгаа бүхнээ Бурхан болохын тухайд зориул
102. Их хөлгөний номонд мэргэн
Бодисадын ёсыг сахигч эрхэм
Буяны садан багшийг үргэлжид
Аминд тулсан ч үл орхисугай
103. Цогт Самбдовагийн цадиг адил
Багшийг шүтэх ёсноо(22) суралц.
Тэрчилэн Бурханы зарлиг бас бусад
Судрын аймгийг(23) уншиж мэдсүгэй
104. Судрын аймагт суртгаалыг номлов
Тиймд судраас аймгийг уншиж үйлд
Агчагирвийн судрын аймгийг
Анх түрүүн үзэж үйддээрэй
105. Алин үргэлжид анхаарах явдлыг
Үүнээс үлэмж дэлгэр номносон тул
"Хотол суртгаалын хураангуйг"(24) үзээрэй
Дахин дахин магадлан үзээрэй
106. Бас нижгээд товчлон хураасан
"Хотол судрын хураангуйг" (25) үзээрэй
Хутагт Нагаржуна багшийн зохиосон
Хоёр шастирыг хичээнгүйлэн үзтүгэй
107. Алин алинд ч эс хорьсон
Тэр ямагтыг судлан үйлдэх бөгөөд
Ертөнцийн сэтгэлийг сахихын тулд
Суртгаалд суралцан үнэнээр эдэлсүгэй
108. Бие хийгээд сэтгэлийн орон байцыг
Дахин дахин хянан үйлдэх бөгөөд
Тэр ямагтыг товчлон хэлвээс
Ухамсар сахихуйн мөн чанарт болъюу
109.Биеэрээ эдгээрийг бүтээж үйлдсүгэй
Үг төдий өгүүлээд юу бүтэх вэ
Эмийн заслыг уншсан төдийгээр л
Өвчтөн бүхэнд тус болох бил үү...